2011-01-13

Туулай жил дуусахаар Тэнгэрийн vvд хаагдаж ''бєє'' нар бууж ирэхгvй


Саяхан би хvмvvсийн хэлдгээр “бєє”-тэй уулзлаа. Бvр бєєгєє буулгачихсан байхад нь шvv. Тэргvvндээ галыг бэлэгдсэн эдтэй, мєн хоёр нvд урласан, урд талдаа толь шиг мєнгєлєг  Мєн тэргvvнийх нь урдуур утсаар сvлжсэн унжуурга шиг юм нvvрийг халхалсан байв. Доош ажвал хоёр эрхитэй жижиг том хоёр ширхэг толь шиг зvйл хvзvvнээсээ зvvжээ. Ємсгєл нь хээ угалз болсон, энгэр нуруугаар нь хэдэн арван могой шиг урт урт зvйл унжуулсан харагдана. Баруун гартаа цагаан єнгєтэй эрхи, ташуур, “хэц”-ээ цохидог тойвор гэгч модон эд, мєн бардаг гэдэг модноос олон тємєр унжуулсан зvйлийг зvvсэн байв. Цааш олон зvйл л байгаа бололтой.
Монгол гэрийн хойморт тахил зул бадрааж, урд талд нь бєє буучихсан байв. Нээрээ бєє гэж хэлдэггvй юм гэсэн шvv. Сахиус гэж дуудах ёстой гэсэн. Эгч надад Монгол гэрт орохдоо хоёр євдєгєн дээрээ сууж, гарын алгаа дээш харуулж, амар байна уу євєє гэж хэлээрэй гэж хэлсний дагуу “Амар байна уу Євєє” гэлээ. Тэгтэл “Амар” гэж бvдvvн боргил гээч дуугаар аядуухан хариуллаа. Гэрт нэг ч сандал элдэв эд зvйл байхгvй байсан юм. Бvгд л газраар суучихсан. Харин сахиус нь нэг зєєлєн гэмээр зузаан зvйл дээр суусан харагдана. Тvvнийг нь олбог гэнэ.
Монгол гэрт єєр олон хvмvvс байв. Бvгд л сахиустайгаа янз бvрээр л ярьж, хєєрєлдєж байна. Би ч яриаг нь ажаад л чимээгvйхэн суугаад байлаа. Зарим нэгнийх нь ярьж байгаа зvйлийг нь ойлгодоггvй. Мэдэх мэдэхгvй эртний vгээр хоорондоо их ярих юм билээ. Сахиусны хэлж байгаагаас бол би бараг ихэнхийг нь ойлгохгvй байв. Харин хажуухан талд нь хамгийн ойр суусан нэг хvн хэлсэн vг бvрийг нь л харийн хэл орчуулж байгаа юм шиг хvмvvст тайлбарлаж єгч байсан тулдаа л хvмvvсийг даган инээх vед нь инээж, дуугvй байх vед нь чимээгvй суугаад байлаа.
Тэр хэлмэрчлээд байгаа хvнийг нь тvшээ гэдэг юм гэнэ. Тvшээ нь л бvх зvйлийг хэлж єгч, мєн сахиустаа архи, жvvс, цай, тамхи, чихэр, хорхой ааруул гэх мэт зvйлийг нь бэлдэж єгдєг хvн байв. Нээрээ ууж иддэг зvйлийг нь бас єєрєєр хэлнэ. Жишээ нь архийг хатуу хар, жvvсийг амтлаг шvvс, тамхийг амны утаа, цайг аагтай шаргал, чихрийг бурам, хорхой ааруулыг таван тамсаг гэж нэрлэдэг гэнэ. Тамхи архи хоёрыг бол их л хэрэглэдэг юм шиг ээ. Тамхийг угсруулаад л татаад дунд нь хааяа нэг архи уучих нь. Гэхдээ зарим сахиус нь архи ч уудаггvй аж. Сахиус бvр ууж иддэг зvйл нь єєр єєр ажээ.
Гэрт буй хvмvvс сvvлийн хэдэн жил дээд тэнгэрээс сахиус ихээр бууж байгааг тайлбарлахдаа олон зуун жил тохиохгvй ховор мєч энэ хэдхэн жилд таарсан гэж байлаа. Энэ нь тэнгэрийн vvд нээгдсэнээр олон сахиус бууж байгаа гэлээ. Тэр тэнгэрийн vvд нь ирэх жил буюу туулай жилийг дуусангуут хаагдаж 600-аад жил дахиж сахиус ингэж олноороо буухгvй аж. Гэрт байсан хvмvvс ярихдаа энэ vед амьдарч, сахиусаа дээд тэнгэрээс залсан хамгийн азтай хvмvvс гэж єєрсдийгєє ярьцгааж, бас бахдаж суулаа. Тийм бол vнэхээр олон жил шvv.
Миний очсон тэр сахиус галаар хvчээ хуримтлуулдаг. Галыг зажилж, улаан гараараа галын цогоор тоглож байгаа юм шиг самарддаг гэсэн. Саяхан тал хээр нутагт гарч галаар тоглож наадаад арвин хvч цуглуулжээ. Мєн тэдний удмынх нь єєр нэг сахиус сууж байгаа олбогноосо хєндийрч, агаар дээр суудаг сахиус байдаг гэж хvмvvс ярьж байлаа. Энэ мэт ид шид мэт зvйлээс гадна бvгд аливаа євчин эмгэгийг анагаах, муу муухай зvйлийг зайлуулах гээд олон vйл хийж чадах аж. Гэхдээ хамаагvй сайн муу vйл хийдэггvй аж. Хэрэв хамаагvй хийвэл єєрт нь бас удамд нь муугаар нєлєєлдєг гэнэ.
Дээд тэнгэрээс бууж ирж байгаа сахиуснууд нь зэрэг дэвээрээ ялгаатай бєгєєд єєр єєр тэнгэрээс бууж ирдэг. Тэнгэр нь ганц хоёр биш хэдэн зуун тэнгэр байдаг гэнэ. Сахиусыг буулгаж ирсэн энгийн хvнийг нь улаач гэж нэрлэх бєгєєд товчхондоо тэр хvний бие махбод, амийг нь ашиглан дээд тэнгэрээс бууж ирээд хvмvvстэй харилцаж байгаа гэж тvшээ гэдэг хvн нь тайлбарлав. Сахиус нь улаачийгаа ихэд хамгаалж ємгєєлнє. Улаачийг нь загнах, зандрах, дорд vзэхэд тун дургvй. Хэрэв тэгэх аваас ихэд хилэгнэн янз бvрээр амьдралд нь саад хийж чаддаг байна.
Сахиустайгаа ярьж хєєрж, олон зvйлийг хєєрєлдсєєр байтал цаг шахуу хугацаа єнгєрч, сахиус нь ч мордлоо гэж тvшээд айлдлаа. Би ч юу болохыг нь ажаад л сууж байв. Гэтэл тvшээ нь сахиустаа хэцийг нь авч єгч сахиус нь хэцээ тойвор гэгч зvйлээрээ чанга гэгч нь нvдэж эхлэв. Сахиус толгойгоо сэгсэрэн хэцний дуу улам бvр чанга хурдан болсоор байгаад дуусчихав. Тvшээ нь малгайг нь автал эмэгтэй хvний хоолой дуугарч байхыг би сонсоод их л гайхлаа. Мєн дээр нь архи тамхины vнэр vнэртэх нь vv гээд нэлээд дєхєєд очоод vнэрлэтэл юу ч vнэртэхгvй байсан юм. Ингэж л анх сахиус гэж зvйлийг харж, vзсэн минь энэ дээ. Магадгvй сахиус энэ тэр гэхээр итгэдэггvй шvтдэггvй хvн байж болох ч тэр бол тухайн хvний єєрийн л vзэл бодол шvv дээ. Мянга сонсохоор нэг vз гэсэн vг бий.
Ямартаа ч туулай жил дуусахаар сахиус залах нэрээр луйвар хийгээд байгаа хуурамч хvмvvсийн бизнес дуусах биз ээ. Харин vнэн мєн нь тэр vед тодорч жинхэнэ сахиуснууд нь тунж vлдэх нь лавтай.

No comments:

Post a Comment