2011-01-26

‘’Чимээгvй хот’’-ыг тайван амгалан байлгая


Энэ талаар бичихэд vнэхээр хvнд юм. Гэхдээ бид бичих ёстой. Бас vvнийг дэмжиж энэ талаар арга хэмжээ авах цаг нь болжээ. Нийтлэлийнхээ эхэнд шууд таны бодолд тань, ухаанд тань хар зvйлийг єгvvлээд эхэлчихвэл энэ талаар та уншихаас ч зvрхшээх байсан биз. Тиймээс би ‘’Чимээгvй хот’’ гэж нэрийдлээ. Та бидний амьдарч буй орчин тойронд хаа сайгvй л хєршлєн ‘’Чимээгvй хот’’ айлсжээ. Хаанаас нь ч харсан, яаж ч бодсон хар бараан зvйл нvдэнд тусч сэтгэлд буумаар нийслэлийн газар нутагт буй тэдгээр ‘’чимээгvй хот’’-той хамт єнєєдєр та бидний хvvхэд єсєн торниж, бид єєрсдєє оршин сууж байна. Амьд буй хvнээ, нойрсон буй бурхадаа ингэж сэвтээж болно гэж vv.
Сайн хvн тэнгэрийн орон руу халихаараа бурхан болдог гэлцдэг. Муу хvн ч тэнгэрийн оронд очоод єнгєрсєн амьдралдаа харамсан гэмшиж буй бол адилхан бурхан болдог ч гэлцдэг. Улмаар дээд тэнгэрээс буруугаа гэмшин, удмынхаа хvмvvсийн аж амьдралын саад тотгороос нь нимгэлж, дээд тэнгэрээс ивээсээр байдаг гэх ахмад буурлуудын маань vнэтэй сайхан сургамж vг бий.
Тайван амгалан нойрсон буй Чимээгvй хоттой та бид айлсан суух нь яавч байж болшгvй юм. Єнєєдєр нийслэл хотод маань Далан давхар, Цагаан даваа, Нарангийн энгэр, Орос оршуулгын газар, Єлзийтийн оршуулгын газар, Буянт ухаа, Тvргэний гол, Орбит, Тахилтын ам, 61-ийн гарам гэх мэт та бидний мэдэх олон газар, олон ч Чимээгvй хот бий болжээ. Эдгээрээс зєвшєєрєлтэй гэхээсээ илvv зєвшєєрєлгvй нь их байгаа. Зарим нэгэнтэй нь айл єрхvvд айлсан сууж байгааг ч та бид мэднэ. Энэ талаар дэлгэрэнгvй тоо баримт байгаа нь лавтай. Миний дуулахын 30 мянга орчим хvн Чимээгvй хоттой айлсан амьдардаг гэсэн. Айлсах гэдэг нь Чимээгvй хотын хаяа энгэрт нь шахуу амьдрахыг хэлж байна. Энэ олон хvмvvс тийм газар ямаршуу байдалтай аж тєрж, амьдарч буй нь хэнд ч ойлгомжтой. Яахав дээ, аргагvйн эрхэнд л айлсаа биз. Гэхдээ Чимээгvй хотоо тусгаарлаад, бурхан болоочдоо тайван амгалан байлгахыг хvссэн бол яалаа гэж тэнд нь айл бvлvvд амьдран суугаад хаяа энгэрт хашаа босгоод унах билээ дээ.
Манайхаас бусад орнуудад Чимээгvй хоттой иргэд нь ийн олноороо айлсаж байсан талаар та ч дуулаагvй л байх. Ер нь бурхан болоочдоо хаана нутагшуулах нь угтаа бол учиртай байх ёстой. Нутагшуулсаны дараагаар ч анхаарч байх шаардлагатай болов уу. Миний бодохын нийслэл хотод байдаг дээрх хэдэн Чимээгvй хотын єнгє vзэмж, хашаа хайс, хамгаалалт харуул гэж байлгамаар. Гэтэл найман настай учир мэдэхгvй хvvхэд ч даваад орчихмоор жижигхэн хашаа, хаанаас нь ч харсан хvйт даамаар зэврvvн тєрх vзэмжтэй орчин, хэн хамгаалж, хянаад байгаа нь мэдэгдэхгvй эзэнгvй газрууд л байдаг шvv дээ.
Уг нь болдог бол, болдог бол ч гэж дээ болох зvйл бол бурхан болоочдоо тайван амгалан байлгахын тулд зориулалтын хашаа хайсаар хамгаалж, ойр орчим тойрныг нь цэцэрлэгжvvлж, ногоон тєгєл мэт сайхан болгож яагаад болохгvй гэж. Дэлхийн ихэнх оронд л гэхэд оршуулгын газрыг цэцэрлэгжvvлдэг туршлага олон бий шvv дээ. Бvр хамгийн ариун газар, нvглээ наминчлах газар ч гэх нь бий. Гэтэл манай улсад хэн хvний айдас хvргэмээр, балчир хvvхдvvийн айл гэр болж тогломоор тэр л газар болж хувирч байна шvv дээ. Зарим чимээгvй хоттой иргэд айлсахаас гадна ойр орчимд нь хогийн цэгvvд хvртэл бий болсоныг та бид мэднэ. Ийм байж яавч таарахгvй. Одоо нэгэнт байгуулагдсан Чимээгvй хотыг нvvлгэх талаар ярих нь хvндрэлтэй, бас биелэхэд бэрхтэй байх биз. Болдог бол хvн малаас зайдуухан, хотын зах зайдуу хэсгээр алслан байвал Чимээгvй хот маань ч тайван амгалан, та бид ч сэтгэл дvvрэн байхсан.
Сvvлийн хэдэн жилийн хугацаанд дээрх арга хэлбэрийг аваагvйн улмаас оршуулгын газартай холбоотой хэрэг тєвєг бишгvй гардаг болсон. Тухайлбал айх айдас гэж мэдэхгvй, хvн чанаргvй зарим нэг хулгарууд дээрх Чимээгvй хотуудаар сэлгvvцэн бурхан болоочдын шарилыг хєндєн vнэтэй, хэрэгтэй зvйл байвал шунаг сэтгэлээр хулгайлан авдаг тохиолдол цагдаагийн байгууллагад олон удаа баригдаж, иргэд ч тvvнийг нь харсан, vзсэн байдаг. Хар муу аргаар авсан зvйл хvнд хєрєнгє болдоггvй гэлцдэг ч ийм зvйл байж болохгvй юм биш vv. 

    Амьддаа бие биенээ хайрлахаас гадна бурхан болоочдоо бас хvндэтгэх хэрэгтэй юм биш vv. Vvнийг тєр засаг 
тvмэн олон сэтгэлдээ шингээж, ухаандаа тунгааж, бодолдоо хvлээн авч, хvслээрээ биелvvлэх цаг нь иржээ.

No comments:

Post a Comment