2011-01-13

Ч.Улаан: Төрийн албыг дөчин мянгаар ч цомхотгох боломжтой


Төрийн албыг цомхотгох талаар УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа. Тэрээр уг асуудлыг хэлэлцэж буй “Төсвийн тодотголтой холбогдуулж санал дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн ахлагч юм.
-Төрийн албыг цомхотгох талаар ажлын хэсгийнхэн судалж, хэлэлцсэн гэсэн. Ямар санал, дүгнэлт гарсан бэ?
-Ажлын хэсгийнхэн энэ асуудлыг хэлэлцсэн. Сүүлийн дөрвөн жилд 30 гаруй мянгаар нэмэгдэж, өнөөдөр төрийн албанд 154 мянга орчим хүн ажиллаж байна гэсэн тоо бий. Орон тоо нэмэгдсэн нь төрийн албаны үр дүн, чанарт муугаар нөлөөлж байна гэж үзэж байгаа. Иймээс төрийн албыг цомхон бөгөөд чадварлаг болгох талаар ажлын хэсэг хэлэлцлээ. Энэ асуудлыг өнгөрсөн гурван жилд УИХ хоёр ч удаа тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг өгсөн боловч хэрэгжилгүй өдийг хүрсэн. Иргэд ч үүнийг шаардсаар ирснийг та бид мэднэ. Ажлын хэсэг энэ асуудлыг судалж, хэлэлцээд ер нь цомхотгох нь зүйтэй гэж үзсэн. Одоогийн төрийн албаны орон тоо, зардлыг эхний ээлжинд таван хувиар цомхотгох боломж байна гэсэн дүгнэлтийг гаргалаа. Уг дүгнэлтийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцсэн байгаа. Ардчилсан намын хувьд дэмжиж, харин МАХН зарим нэг зүйл заалт дээр хэлэлцэх эь зүйтэй гэж үзсэн. Жишээ нь, Төрийн албаны бүтэц, орон тоог цомхотгоход хугацаа нь давчуу байна гэж үзэн ирэх оны төсөвт оруулахыг санал болгосон.
-Тэгэхээр энэ жилийн төсвийн тодотголд амжихгүй, дараа жилийн төсөвт орно гэсэн үг үү?
Тийм. Аравдугаар сарын нэгэнд ирэх оныхоо төсвийн төслийг боловсруулаад УИХ-д оруулж ирдэг шүү дээ. Энэ зарчмын дагуу тусгаж оруулна.
-Улс төрийн өндөр албан тушаалтан, дарга нарыг хэт олон туслах, зөвлөхүүдтэй байна гэж шүүмжилдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ийм шүүмжлэл нэлээн гарсан. Өнгөрсөн жил УИХ үлгэр жишээ үзүүлж олон туслах, зөвлөхүүдээ цөөлсөн шүү дээ. Өнөөдөр нэг гишүүнд нэг л туслах байгаа. Харин үүнийг УИХ-ын хэмжээнд л хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Бусад төрийн албанд энэ шат дамжлагыг өөрчлөх, багасгах үүрэг өгсөн ч хэрэгжүүлээгүй. Эдгээрт даруй арга хэмжээ авч, дунд шатны дарга нарыг цөөлөх шаардлагатай байгаа. Хамгийн гол нь төрийн алба бол олон шат дамжлагатай
байх ёсгүй.
-Цомхотгол хийх шаардлагагүй газар байж болно шүү дээ. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Тийм ээ. Үүнд бүтээлч хандах хэрэгтэй. Урьд нь зардлаа хэмнэ гэвэл бүх байгууллагаас жигд хасчихдаг байсан. Ингэхээр механик хасалт болчихдог. Энэ нь эргээд төсөв хүрэлцэхгүй, өр авлагын асуудалтай тулгарах зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг байсан. Иймд бодлогын хэмжээнд сайтар анхааралдаа авч үзэх нь зүйтэй.
-Та ямар байгууллагад цомхотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа вэ?
-Энэ талаар Засгийн газар судлаад аль байгууллагад хэчнээн хувийн цомхотгол хийх шаардлагатай вэ, зардлыг яаж хэмнэх боломжтой гэдгийг тогтооно байх. Үүнийг одоо шууд хэлэх боломжгүй.
-Өнгөрсөн жилийн төсөвт Улсын Ерөнхий Прокурорын газарт таван тэрбум гаруй, Авилгатай тэмцэх газар /АТГ/ 2,7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл Прокурор бол хэдэн зуутаараа тоологдох ажилчин, албан хаагчидтай, харин АТГ 100 ч хүрэхгүй ажилтантай шүү дээ. Ийм байтал харьцангуй төсвийг баталдаг нь буруу гэх гишүүд багагүй байна. Энэ талаар?
-Үүнийг судалж үзэх хэрэгтэй. Тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ зэрэг олон зүйлийг уялдуулж бодох нь зүйтэй. Тэрнээс биш ойролцоо үйл ажиллагаатай байгууллагын хоёр ажилтан байхад нэг нь бүх зүйлээр хангагдсан атал нөгөө нь ширээ ч үгүй сууж болохгүйтэй адил төсвийг зөв зүйтэй л хуваарилах ёстой.
-Ажлын хэсгийн гишүүдээс төрийн албыг 7000-аас илүү цомхотгох боломжтой гэсэн санал гарсан уу?
-Олон санал гарсан байгаа. Тухайлбал зарим гишүүд заавал хувь зааж, цомхотгох биш, зарим байгууллага, газрыг төрийн алба гэсэн харъяаллаас гаргах хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байсан. Нэг ёсондоо төрийн алба гэдэг статусыг нь авна гэсэн үг. Тэрнээс биш уг байгууллага байдгаараа байна, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлээд явна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв ингэвэл одоогийн цомхотгохоор ярьж буй 7000-аас ч илүү хасагдах боломжтой. Энэ бол бүтцээр нь өөрчлөх санал. Ингэсэн тохиолдолд гуч, бүр дөчин мянгыг ч цомхотгох боломжтой.
-Цомхотголыг эсэргүүцэх гишүүд байв уу?
-Байсан. Зах зээлийн үед ажлын байр бий болгож, иргэдийг ажилтай болгох ёстой гэсэн гишүүд байсан. Нэг талаас зөв ч, нөгөө талаас эдийн засаг тогтворгүй, төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа үед энэ нь зөв үү буруу юу гэсэн санал зөрөлдсөн зүйл их гарсан.
-Одоо байгаа төрийн албыг хасах нь зөв ч дэмжигдэх болов уу?
-Ажлын хэсгийн гаргасан санал бол төсвийн тодотголоор одоо байгаа төрийн албыг 7000-аар бууруулъя, дараа жил нь дахин бууруулах замаар оновчтой түвшинд нь аваачих хэрэгтэй гэсэн саналыг тавьсан ч намын бүлгүүд дээр дэмжээгүй тул Засгийн газарт оруулж, ирэх оны төсөвт тусгахаар болсон. Ер нь бусад орны жишгийг харахад, Сингапур улс л гэхэд манай улстай ойролцоо хүн амтай хэрнээ 100 мянга хүрэхгүй төрийн албан хаагчтай байдаг. Гэтэл өнөөдөр Сингапур ямар хөгжилтэй байгааг надаар хэлүүлэхгүй та бүхэн мэднэ шүү дээ.

No comments:

Post a Comment