2011-01-13

Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэдэг ч...


                25-аас дээш насны, дээд боловсролтой, харьцааны єндєр соёлтой, зєв тєрхтэй, цэвэрч нямбай хvнийг гэрийн vйлчлэгчээр ажилд авна... гэсэн зар хаа сайгvй болжээ. Магадгvй та ч ийм зарыг олонтаа харсан биз. Уг нь дээд боловсролтой хvнийг сэхээтэн гэлцдэг. Гэвч єнєєгийн сэхээтэн хvмvvс гэрийн vйлчлэгч, дэлгvvрийн худалдагч, хамгаалагч, эсвэл наргиан цэнгээний газарт зєєгч, бармен хийгээд явж байна шvv дээ. Yvнийг юу гэж ойлгох вэ. Хэдэн жил ээж аавынхаа мєнгєєр сурч, мэдлэг боловсролоо дээшлvvлж, сайхан амьдрах эхлэлээ тавих чин хvслээр их дээд сургуульд орсон олон мянган залуус єнєєдєр дээрх vйлчилгээний ажилд л тэнцэх хэмжээний боловсролыг эзэмшсэн юм гэжvv.
Олон мянган эдийн засагч нар, аялал жуулчлалын менежерvvд, багш нар, хуульч, эрх зvйч, нягтлан бодогчид, сэтгvvлчид єнєєдєр ч, маргааш ч хэн нэгний хvvхдийг асарч, гэрийг нь цэвэрлээд хэдэн бор юм авч байх нь сэхээтэн хvний амьдрал уу. Эсвэл гудамж талбайд сурталчилгааны ажил хийгээд сvлжээний бизнесээр азаа сорьж явах нь бас л эдгээр хvмvvсийн хийх ёстой зvйл юм гэжvv.
Манай улсад жилдээ 150-160 гаруй мянган оюутан суралцдаг гэсэн тоо байдаг. Vvнээс нэг жилд 25-30 мянга орчим нь тєгсєж дээд боловсролын бакалаврын зэрэг эзэмшдэг гэж бодохоор дор хаяж дээрх тоотой дvйцэхvйц ажлын байрны хэрэгцээ vvсэх нь мэдээж. Vvн дээр нэмэгдээд дээд боловсролгvй, ажил хєдєлмєр эрхэлдэггvй олон мянган хvн бий. Хэрэв нийлvvлээд бодвол одоогоор манай улсад ажил хєдєлмєр эрхлэх чин хvсэлтэй, идэвхитэй хайж байгаа хvний тоо 40 мянга гэж гарсан байна. Энэ тоо бол Нийслэлийн хєдєлмєр халамж vйлчилгээний хэлтсээс гаргасан албан тоо. Цаана нь бvртгvvлээгvй хэчнээн мянган иргэн байгааг хэлж мэдэхгvй юм. Дээрх ажил хєдєлмєр эрхлэх хvсэлтэй нийт иргэдийн тал гаруй хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа нь бvр эмзэглэмээр. Улс орноо хєгжлийн замд хєтлєх хvмvvс нь єнєєдєр ажил хєдєлмєргvй байхад яахан урагш тэмvvлж, хєгжлийг ярих билээ. Ядаж ажил хийх хvсэлтэй хvмvvсээ ажлын байраар хангаад байвал ядуурал, ажилгvйдэлд ингэтлээ живэхгvйсэн. Боловсролтой боловсон хvчнээ ч ажлын байраар хангаж чадахгvй байгаа манай улс ажилгvйдэл, ядуурлаар дэлхийд толгой цохих нь арга ч vгvй юм уу. Цааш єгvvлбэл.
Манай улс нэг жилийн хугацаанд дунджаар арав гаруй мянган ажлын байр шинээр бий болгодог байна. Уг нь жил бvр 20 мянга, 30 мянга, зарим vед бvр 45 мянган ажлын байр шинээр бий болгох амлалтыг он бvрийн эхэнд зорилтоо болгож байсан аж. Харамсалтай нь дэвшvvлсэн зорилт бvхий тооныхоо талд нь хvрэхvйц ажлын байр шинээр бий болгож чадвал тvvнийгээ амжилт гэж vзнэ. Том зорилго тавих тусам тvvнийхээ талд нь хvртэл ажиллаж ирснийг жил бvрийн тоо баримтаас харж болох аж. Шинээр бий болсон ажлын байр салбар бvрт тэгш байхгvй нь тодорхой. Зарим нэгэнд нь ямар ч пад байхгvй ажлын байрыг олон арван мянгаар бий болгох нь ч бий. Монголдоо байхгvй боловсон хvчнийг гадаадаас томилохгvй гээд ч яах билээ. Аргагvйн эрхэнд боловсролгvй нэгэн нь цалингийн доод хэмжээгээр буюу нэг зуун наймхан мянган тєгрєгний тєлєє юу ч хамаагvй хийж, боловсролтой гэгддэг хэсэг нь арай дээгvvр 200-300 мянгын тєлєє гэрийн vйлчлэгч, дэлгvvрийн худалдагч, цэнгээний газрын зєєгч гэх мэтийн ажилд ногдох болжээ.
Гэхдээ 40 мянган ажлын байр шинээр бий болгохын тулд 80 мянган ажлын байр шинээр бий болгохыг зорьж байж ажилгvйдэл багасна гэж мянгуужингийн vлгэр яриад суух нь бас утгагvй биз ээ. Харин vvний оронд улс оронд хэрэгтэй ирээдvйн хєгжлийн салбартаа боловсон хvчнээ бэлтгэж, одоо байгаа боловсон хvчнээ цаашид ажлын байраар хангах, боловсролтой, чадвартай иргэнээ хєгжин дээшлэхэд нь анхаарах цаг болчихжээ. Боловсролтой, чадвартай иргэн гэж бvр онцлон хэлмээр байна. Учир нь зарим нэг хvмvvс болон салбарын мэргэжилтнvvд, судлаачид манай улсын боловсролын чанар, сургалтыг дээд боловсролын гэж тодотгоход бага зэргийн дутагдалтай гэдгийг хэлдэг. Нєгєєх л их дээд сургуулиудын сургалт чанаргvйжсэн, дээд боловсролыг хэн дуртай нь мєнгєєр, эсвэл дєрвєн жил сурсан болоод л авдаг гэсэн шvvмжлэлтэй шууд холбоотой. Vvнд бас л гарц хэрэгтэй. Уг нь сvvлийн хэдэн жилийн хугацаанд тєр засгаас их дээд сургуулиудыг цомхотгох, нэгтгэх ажил эрчимтэй явагдаж байгаа. Энэ нь сайшаалтай. Гэвч зарим их дээд сургууль татан буугдах бус єєр хувийн их дээд сургуулиудтай нэгдчихдэг. Эсвэл дээрээс татан буугдахыг тушаасан ч нэр, арга хэлбэрээ єєрчлєн дахин єєр нэг сургуулийг vvсгэн байгуулчихдаг нь нууц биш. Єнєєгийн байдлаар манай улсад 160 гаруй их дээд сургууль vйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ тоо хэдэн жилийн ємнє ийм л байсан, одоо ч тэр чигээрээ л. Харин боловсролын яаманд татан буугдсан бараг 100 гаруй сургуулийн нэр бvртгэгдсэн байдаг гэлцэнэ. Хэрэв дээрх тооны сургууль татан буугдсан юм бол их дээд сургуулиудын тоо энэ хэмжээгээр цєєрєхгvй байгаа нь мэдээж дээр єгvvлсэнтэй холбоотой. Бас нэг жишээг дурьдая. Манай улс єнєєдєр гурван сая ч хvрэхгvй хvн амтай. Гэтэл 160 гаруй их дээд сургууль байгаа нь бараг АНУ-ын хэмжээнд яригдахуйц тоо гэнэ. АНУ єнєєдєр хэдэн зуун сая хvн амтай /тодруулбал 300 орчим/ хэрнээ 200 хvрэхгvй их дээд сургууль байдаг гэж бодохоор манай улсад их дээд сургуулиуд гэж булан тохойнд хорогдсон, хайж олоход ч бэрх хэдэн ‘’амбаар’’-ууд гээд хэлчихвэл нэг их хатуудахгvй л болов уу. Vvнийг тєр засаг цэгцлэхгvй бол их дээд сургууль нэртэй хэдэн мєлжигчдийн ‘’амбаар’’-ын бизнесээр монгол улс цэцэглэн, цэцэг навч нь салаалах нь байна.
Дахиад л нэг жишээ. Их дээд сургуульд орсон л бол дєрвєн жил хvлээх оюутан цєєнгvй байдаг. Гэвч хугацааг хvлээх бус хичээлээ урдаа барих бодлогыг дэлхийн ямар ч улс баримталдаг аж. Тодруулбал дэлхийн улс орнуудад их дээд сургуульд суралцсан л бол заавал тєгсєнє гэсэн ойлголт байдаггvй. Тєгсєж чадахгvй бол улиран суралцах, суралцаж чадахгvй бол сургуулиас хєєх хvртэл арга хэмжээг авдаг аж. Гэтэл манай улсад юун хєєх бvv хэл улиран сургадаг их дээд сургууль бараг байхгvй дээ. Бараг л 100 хувь ‘’амжилттай’’ тєгсгєдєг гээд хэлчихвэл хилсдэхгvй биз.
Ажлын байранд чадвартай ажилчин нь очиж, тэр чадвартай ажилтантай єрсєлдєхийн тєлєє єєр нэгэн их дээд сургуульд суралцаж, их дээд сургуульд суралцахын тулд иргэн чанартайг нь сонгодог болсон цагт дээд боловсрол зиндаандаа очиж, сэхээтэн хvмvvс албандаа томилогддог болно. Ийм болгохын тулд ажлын байрыг огцом нэмэгдvvл гэхгvй, их дээд сургуулиудыг цєєл ч гэхгvй. Харин хэрэгтээ салбарт нь ажлын байраа нэмэгдvvлж, хийж чадах, сургаж чадах сургуулиудад нь эрх, хуулиар нь хангаж єгч, шаардлагаа тавих нь зєв юм биш vv. 
Vгvй бол єнєєдєр монголын дээд боловсрол дэлхийн хэмжээнд ч биш бvр монголынхоо хэмжээнд дунд боловсролын байнд тусах нь байна.
Эцэг євгєд минь эртнээс эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэж зvгээр ч нэг хэлээгvй байлтай. Хvмvvнийг боловсролтой байж гэмээнэ амжилтанд хvрч, сэтгэл дvvрэн байх болно. Vгvй бєгєєс хоосон толгойт хvмvvн алт эрдэнэсээр дvvрэн байлаа ч бvхий л амьдралаараа дутуу амьдарна гэлцдэг. Гэвч одоо эрдэм сураад vнэгvйддэг, эдээр чимээд гангарааддаг ‘’моод’’ гарч ирэх гээд байна шvv та минь.

No comments:

Post a Comment