2011-01-14

Хуульгvй самбарууд хяналтаас алдрах нь

 Нийслэлийн хэмжээнд авто замыг тойрон хүрээлсэн рекламны самбарууд замбараагаа алдав. Замын дээгүүр, хоёр талаар ер нь хаа хүссэн газраа л  байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах болоод багагүй хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь хүмүүс самбарыг харж, биширч, магтана уу л гэхээс шүүмжлэх нь ховор. Зарим нэг нь бүр рекламны самбарыг харчихаад “манай улс хөгжиж байна” гэж хөөрцөглөж байх нь бий.
Замын дээгүүр уртаас урт төмөр хөл хийж, рам зангидаад түүндээ янз бүрийн өнгө алагласан, гэрэлтэй гэрэлгүй, хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй олон самбарыг байрлуулсанаас болж хэчнээн осол аваар гарах, хэний амь насанд хохирол учруулж болохыг бодож үзсэн болов уу?
Хэдийгээр манай улсад рекламны самбар байж болохгүй гэсэн хууль дүрэм байхгүй ч хаана, ямар газар, яаж байрлуулах талаар нарийн зохицуулалт хийхгүй бол магадгүй нэг өдөр нөгөө хүнд төмөр хөл, рамууд нь хүчтэй салхинд унаад хэн нэгний амь насанд хүрвэл хэн үүнийг хариуцах вэ? Эрсдлээс vргэлж эмээж яв гэдэг байх аа. Жолооч тээврийн хэрэгслээ жолоодож явах үед зам дагуу байрлах өнгө алагласан гэрэлтэй, хөдөлгөөнтэй олон самбаруудыг харан анхаарал алдагдсаны улмаас осол аваар гарвал хэн хохирлыг барагдуулах юм бэ? Хотын дарга үүнийг хариуцах юм гэж үү? Үгүй бол самбар байрлуулах эрхийг нь өгдөг хотын ерөнхий менежер үү, аль эсвэл хянаж, шалгах ёстой нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь уу, бүр цаашлаад үүнийг хорих, хориглох ёстой Замын цагдаагийн газар юм уу?
Улаанбаатар хотын төв замыг хүрээлсэн олон рекламны том жижиг самбаруудыг бүр тодруулбал 3000 гаруй самбарыг буулгаж, авто замын ойр орчимд байрлуулахыг хориглож яагаад болохгүй гэж. /Дээрх олон самбарын 400-аад нь том хэмжээний, үлдсэн нь дунд болон жижиг хэмжээтэй байдаг байна/ Дэлхийн ихэнх оронд замын ойр орчимд рекламны самбар байрлуулахыг хориглосон байдаг. Энэ нь тээврийн хэрэгслийн жолоочийн анхаарлыг саринуулахгүй байж, авто тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх хамгийн чухал зүйл гэж үздэг аж. Харин манай улсад нийт гудамж талбайн рекламны талаас илүү хувь нь бүр 75 орчим хувийг авто замын ойр орчимд байрлах рекламны самбарууд эзэлж байна. Зөвхөн жолоочийн анхаарлыг саринуулаад зогсохгүй замын гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг хаасан самбарууд ч хvртэл байж л байгаа.
Сүүлийн үеийн гэх нэрийдлээр рекламны самбарууд илүү боловсронгуй болж, энд тэндхийн уулзварууд, хөдөлгөөн ихтэй зам дагуу электрон дэлгэцүүд олширч байна. Тухайлбал Баруун дөрвөн замын баруун талд, их дэлгүүрийн урд, Сүхбаатарын талбайн урд уулзварын зүүн талд байрлах электрон дэлгэцүүд нь оройн цагаар жолооч нарын нүдийг гялбуулах, анхаарал саринуулж улмаар том, бага осол аваар гарах эх үндэс болдог байна. Уг дэлгэцүүдээр байнга реклам сурталчилгаа явж, хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Анхаарлаа уг сурталчилгаанд хандуулсан эсвэл дэлгэцийн гэрэл нь гялбаснаас үүдэн осол аваар гаргах аль эсвэл дүрэм зөрчсөн тохиолдолд жолооч “рекламны самбар харж байгаад зөрчил гаргачихлаа” гэж хэзээ ч хэлдэггүй. Анхаарал болгоомжгүй явснаас ийм зүйл болчихлоо л гэж хэлдэг.
Энэ мэт дүрэм зөрчих, осол аваар гарах эх үндэс болсон рекламны самбаруудыг буулгаж, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх нь зүйтэй санагдана. Үүнийг хотын удирдлагууд, холбогдох шатны албан тушаалтнууд анхааралдаа авч, хууль эрх зүйн нарийн зохицуулалт хийх нь нийгмийн захиалга болоод байна.

No comments:

Post a Comment