2011-01-13

Нийслэлийнхээ газар нутгийг тэлэе


Улаанбаатар хотыг төлөвлөлт, эдийн засгийн бодлого, газар нутгийн хэмжээ, хүм амын тоо зэргээрээ хөгжингүй орнуудын их хотын хэмжээнд хүрсэн гэж зарим нэг нь хэлэх нь бий. Гэвч хотын төлөвлөлтийн талаар жил бүр ярьж, хэлэлцэж, танилцуулдаг ч хэрэгжүүлэх нь даанч ховор. Хорь гучин жилийн төлөвлөгөөг баталсан ч хоёр гуравхан жилийн дараа  дарга солигдохоор өнөөх төлөвлөгөө нь салхинд хийсэх хамхууль мэт алга болно. Улмаар авто машины зам бүү хэл явган хүн явах боломжгүй болтол барилга байгууламж шавна.
Хотдоо суурьших хүсэлтэй, шилжин ирэх амьдралын төлөө зорин буй иргэдээ хөөлтэй нь биш, угтаад авах нь мэдээж. Харин үүнийг зохицуулахгүй явсаар өнөөдөр хотын хүн ам халивтай тогооноосоо халиад байна. Үүнийг шийдвэрлэх хууль эрх зүйн зохицуулалт үгүйлэгдсээр арваад жил өнгөрлөө. Өнгөрсөн хойно ухаарсан гэлтэй асуудал ундарч эхлэнгүүт сая нэг юм хууль, хөтөлбөр, төсөл энэ тэр яриад эхэлж байна. Үүнд нь: Нийслэлийн оршин суугчийн албан татвар төлөх, 2020 он хүртэлх Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төсөл, хөтөлбөрийг боловсруулах гэх зэргээр ухаарч л байна. Гэхдээ хэрэгжээгvй л байгаа.
Хамгийн түрүүнд нийслэл хотын газар нутгийн хилийн цэсийг тогтоох талаар хөндөх цаг нь болжээ. Газар нутагтаа багтаж шингэхээ байсан хүн амыг хотоос нүүлгэх арга хэрэглэхээсээ урьдаар нийслэл хотын хилийн цэсийг сунган, тэлэх хэрэгтэйг зарим эх сурвалжууд хэлж байгаа. Тухайлбал нийслэл хотын хилийн цэсийг хааш хааш нь 50 ба түүнээс дээш км-ээр сунгах шаардлагатай гэж үзэх судлаачид, мэргэжилтнүүд байгаа юм. Хотынхоо аль ч хэсгээр гарна тєв аймгийн нэгэн сум л биднийг угтаж байна шvv дээ. Газрын зураг дээрээс ч харсан тєв аймгийн харьяат нэгэн сум тєдий л зvйл харагддаг. Улсын нийслэл хот ийм байж болно гэж vv.
Эдүгээ нийслэл Улаанбаатар хотод 179840 айл өрхийн 791076 суурин хүн ам байна. /Эдгээр нь зөвхөн албан ёсны оршин суугч нар/  Харин нутаг дэвсгэрийг 39442 га гэж тогтоосон байдаг. Энэ нь бага газар нутаг биш ч сая давсан иргэнтэй хотын хувьд их биш ажээ. 
Зөвхөн газар нутгаа тэлсэнээр асуудал шийдэгдэхгүй учир хотын зах хэсэгт дэд бүтцийг сайн хөгжүүлж, үйлдвэрлэл үйлчилгээг төвлөрүүлэхээс гадна жуулчдыг татах зорилгоор дээд зэрэглэлийн оффис, зочид буудал, музей, театр, казино, цэцэрлэгт хүрээлэн, парк зэргийг ч байлгаж болно. Эдгээрийг хууль эрх зүйн хувьд нь сайтар боловсруулж, цэгцэлж чадвал дэд бүтэц, тохижилтыг хамтаар нь шийдвэрлэх боломжтой юм. Жуулчдыг даган иргэд суурьших, улмаар үйлдвэрлэл үйлчилгээ өргөжин хөгждөг нь зах зээлийн дүрэм байдаг. Мөн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг “худалдааны гудамж” гэх зэрэг хүний сонирхлыг татах олон зүйлийг хотын зах хэсэгт  төвлөрүүлэх бодлого баримтлах нь үр дүнтэй байх юм.  
Дэлхийн хотуудын түүхэнд нийслэлээ шинэтгэн зохион байгуулсан, өргөтгөн томруулсан жишээ олон бий. Энэ нь тухайн хот, нийгэмд бий болсон асуудлуудыг ул үндэстэйгээр шийдвэрлэх гарц нь байж чадсан. Үүний адил Улаанбаатар хотынхоо хилийн цэсийг тэлэх, шинэ суурьшил бий болгох нь олон мянган га газар эзлэн орших гэр хорооллыг эмхлэх гэж мунгинаж байснаас илүү үр дүнтэй алхам байж чадна.

No comments:

Post a Comment