2011-02-01

Зєндєє зай байна ш дээ, тэр улаан малгайтай залуу урагшаа шахаад яваад єгєєч ээ


/Автобусны зорчигч єгvvлж байна/
Єнєєдєр нэг нийтийн тээврийн том оврын автобусаар зорчлоо. Ер нь єдєр бvр явдаг л даа. Гэхдээ энэ удаа ажил дээрээ эрт очиж толгойны сэргэг дээр жаал ажил хийх санаатай явж байсан юм. Бараг л эхний автобусанд суусан байх. Буудал руу алхаж явтал эргэж харахын зуургvй нэг автобус салхи татуулан хажуугаар єнгєрч орхилоо. Ямар чиглэлийн автобус байсныг нь ч харж амжсангvй. Нилээн хурдтай явж байсан юмдаг. Буудал дээр ирээд єєрийн зорчих автобусаа хvлээн зогслоо. Сvvлдээ даарч эхлэв. Бодвол тvрvvний салхи татуулан єнгєрсєн автобус л зєв чиглэлийнх болж таарлаа. Арваад минут хvлээж арай хийн дараагийн автобус ирж баярлуулав. Автобус буудал дээр ирж зогсонгуут л дунд сургуулийн бага ангийн хvvхдvvд хоорондоо уралдах, уралцах шахуу л автобусанд чихэлдэж эхэллээ. Би ч аягvй бол багтахгvй байж мэдэх юм гээд зэрэгцээд л чихэлдэж гарлаа. Арай хийн багтаж автобусны бариулаас зvvгдэх шахуу л зогсоно. Тэгтэл хажуугаар том том цvнх vvрсэн бага ангийн сурагчид тєвєггvй гэгч нь автобус дотор хvмvvсийн дундуур сvлжиж, эгээтээ л гvйлдэх нь холгvй байх юм. Гутлан дээр гишгэх бол энvvхэнд. Ядаж байхад цагаан саарал ємдтэй явж байсныг ч хэлэх vv єнєєх сурагчид шавар шавхаатай, гутлын тостой, нойтон цастай гутлаараа ємдийг маань ч нэг нялах шиг нялна даа. Жаахан хvvхдvvдийн алийг нь ч гэлтэй билээ загнах хvн ч олдохгvй. Загнах ч бас хэцvv.
Шахцалдаж ядан байхад алдарт автобусны кондуктор бас дундуур нь сvлжих нь бvр гайтай. Болдог бол энэ автобус гэдэгт кондуктор гэж байдаггvй бол амар байхгvй юу. Бусад гадаадын орнуудад лав автобус кондукторгvй л байгаа харагдах юм. Зорчигчид нь хаалгаар орохдоо мєнгє хураагч машинд тєлбєрєє хийгээд л, эсвэл картаа уншуулаад л тєлбєрєє тєлчихдєг. Vvнийг нь жолооч хянаж байгаа харагддаг. Гэтэл манай улсын байж байгаа царайг. Кондуктор нь хэнээс хэдэн тєгрєг авсанаа ч мэдэхгvй. Эргээд хариултаа буруу зєвєєр єгнє. Зарим vед дутуу єгчихєєд мэлзэнэ. Vгvй бол илvv єгч тэнэгтэнэ.
Бас болоогvй, нєгєє кондуктор нь зvгээр ч мєнгєє хураахгvй автобусаар нэг чанга дуугаар орлиж гарна даа. Автобусаар зорчдог хvмvvс нь vvнийг сайн мэдэх биз дээ. Урагшаа хойшоо єлийж ирээд л ‘’Алив урагшаа хойшоо яваад єгєєч ээ, зєндєє зай байна ш дээ. Одоо арваадхан хvнийг оруулаадахмаар байна. Тэр улаан малгайтай залуу урагшаа шахаад яваад єгєєч ээ’’ гэж ирээд л хvмvvсийг гулууз мах шиг эв хаванд нь оруулаад зай завсаргvй чихэж єгнє дєє. Тэр арван хvн орсон ч яалаа, байсан ч яалаа. Засгаас тэднийг дандаа чихэж яваарай гэж шахаж шаарддаггvй. Yйлдвэрээс нь ч автобусыг vргэлж чихэж явна гэж тооцоолж vйлдвэрлэдэггvй. Тэгэхээр тэд єєрсдєє ажлаа зохицуулаагvйн улмаас дээрх хvндрэл vvссэн байж таараа. Цаг цагт нь автобусаа таслахгvйгээр иргэддээ vйлчлээд байвал хvмvvс яалаа гэж хvнс бараа шиг ачигдаж явах билээ дээ.
Єєр бас нэг юм бий. Кондуктор ч яахав хvмvvсийн чихэнд дасал болж орлих, хашгирахыг нь ч тоохоо байж. Энэ талаар арга хэмжээ авч хэзээ нэгэн цагт бид чихэлддэггvй автобусанд чихэнд чийртэй кондукторгvйгээр зорчих цаг ирэх л байлгvй. Харин vvнээс илvvтэйгээр жолооч нарт бас асуудал байна аа.
Олон нийтийн амь насыг дааж яваа жолооч нар нь єнєєдєр урд талынхаа кабинед хээв нэг утсаар яриад, сонин сайхан хуучлаад явж байх юм. Бvр зарим vед нийтэд vйлчилж байхдаа тамхи татаж яваа харагдах юм. Ямар хар зах дээр байгаа биш дээ. Ядаж тамхиа эхний ээлжинд болчихмоор юм. Энэ єдєр ч миний зорчсон автобусны жолооч бас л тамхи татаж байсан. Лав тэдгээр жолооч нар єєрийн vр хvvхдийнхээ хажууд тамхи татдаггvй л биз. Тэгтэл таны жолоодож буй автобусанд нэг бvv хэл нэлээн хэдэн хvvхэд хичээл рvvгээ зорьж явна. Замд нь та бас хордуулж яах нь вэ. Vvнийг автобус компаний удирдлагууд, цаашлаад тєр засаг анхааралдаа авч, анхнаасаа автобусны жолоочийг ажилд авахад нь тамхи татдаггvйгээс эхлээд туршлага дадлыг нь харж авмаар байна. Туршлага дадал гэдгийг нэмээд онцолмоор байна. Єнєєдєр манай улсын нийтийн тээврийн автобусны жолооч нарыг та анзаараарай. 20 нас хvрсэн болов уу даа гэмээр хvvхдvvд хvртэл жолоо барих нь холгvй байна. Хэн бvхний залаад явчих эксель биш шvv дээ автобус гэдэг чинь. Тvvн дотор єчнєєн олон хvний амь нас, олон мянган монголын ирээдvй зорчиж явааг санах хэрэгтэй юм биш vv... холбогдох шатныхан минь, тєр засаг минь, тvмэн олон минь.
Ийн бодол тээсээр ажил дээрээ ирж ийнхvv сийрvvллээ.

1 comment:

  1. Яг үнэн бичсэн байна
    Зөндөө инээлээ

    ReplyDelete