2012-01-10

Талх 1000 байтугай үнэд орно



            Өнгөрсөн баасан гаригт бензины үнэ гэнэт 300 төгрөгөөр үнэд орох нь гэсэн яриа чих дэлсэж хамаг нийслэлчүүд маань колонкид хоёр гурван цаг дугаарлан банкаа дүүргэх шиг боллоо. Колонкууд ч энэ үеэр цөм хийгээ биз. Би ч гэсэн шатахуун үнэд орохоос өмнө ядаж байгаа хэдэн төгрөгөндөө шатахуун авах санаатай гэрийнхээ ойролцоох колонки дээр хоёр цаг шахуу дугаарлан байж нэг юм авсан. Зарим нэг колонки нь бүр түгээлтээ түр хугацаанд зогсоож байна гэж ч дуулсан. Сургаар нь өнөөх хэдэн унаанууд нь хүртэл үнээ хөөрөгдөөд амжсан байна билээ. Микро унаанууд доод тал нь 700 болж, жаахан орой бол 1000 төгрөгөөс доош явахгүй гэсэн шүү. Таксинууд ч яаж зүгээр суухав км нь 800 төгрөг болж оодроод амжсан. Тэгсэн харин өглөө нь босоод ажилдаа явж байтал зарим колонки нь л нэмсэн болохоос бүгдээрээ ч арай нэмээгүй л юм билээ.
Ядаж байхад энэ үе улс төрийн хувьд ч манай эдийн засгийн хувьд ч жаахан тиймхэн тогтворгүй үе таараад байгаа. Засаг төр нь хуваагдаж, улс төрийн намууд үзэл бодлоороо хагаралдаж, манай хүнсний нэрийн зарим бүтээгдэхүүний үнэ тогтворгүйгээр хэлбэлзэж, махны үнэ 7000 болтлоо нэмэгдсэн, долларын ханш богинохон хугацаанд 1400 давж, монгол мөнгө маань цаас болох нь гэсэн айдас нөмөрч байна. Удахгүй талхны үнэ 1000 болно. Үүнд бараг гайхаад ч хэрэггүй биз. Долларын ханш одоо буулаа буулаа гээд тэгтлээ доош буухгүй. Харин ч өснө гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа. Иймхэн зэргийн юмандаа хяналтаа тавиад хязгаарлалт хийчихэж чадахгүй манай Монголбанк Сангийн яам хоёр өрөвдөлтэй. Одоо тэгээд Засгийн газраас нь Ардчилсан нам гарчих юм бол бүр ч савлах юм байгаа биз. Шинэ сайд томилогдоод тавхан сарын хугацаанд юугаа ойлгоод ямар ажил хийх юм бэ. Ёстой гонжийн жоо голионы ... гэдэг нь болох биз.
Дээрээс нь тэр оюутны тэтгэлэг 70000 төгрөг, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөг, өө бас сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг нь Монгол тооллын эхэнд тодруулбал цагаан сарын өмнө тараагдах юм гэсэн. Тэгвэл ч хүртээлгүй мань мэт нь хөлд чирэгдээд хэцүүдэх нь хэнд ч ойлгомжтой байна. Цагаан сарын өмнө мөнгө тараахаар ямар зовлон байдгийг хэн ч надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Хэдэн ул боов авах гэж нэг сарын цалингаа, ганц ууц авах гэж хоёр сарын цалингаараа авч чадвал их юм даа. Одооноос тэр махны үнийг хар л даа. Дуртай нь үнээ өсгөж байна шүү дээ. Аягүй бол Засгийн газар нөөцийн мах гаргаж ирээд худалдаачдын үнийг зохицуулчих нь гэж бодож байгаа. Би яг мэдэж байна. Тэглээ ч тэр махыг хэрэглэх хүн хэд байгаа билээ. Нөөцийн маханд ам сайтай хүн таваас ядаж нэг хүн таарах болов уу даа үгүй юу.
Амьдрахад улам л бэрх болох нь. Төрөөс сургалтын төлбөр гэж авахгүй, тэтгэлэг ч хүртэхгүй, сая төгрөгийн хишиг ч авахгүй мань мэтийн ажилчин ангийн хэдэн бор төгрөгөө сарын бөгсөнд хүлээж суугаа хүмүүст энэ жил ч хатуухан жил болох нь. Энэ хүнд байдлаас салахын тулд мах идэлгүй манжингаараа орлуулаад, такси барилгүй автобусанд чихэлдээд, цагаан сарыг таг дуугүй өнгөрөөхөөс өөр арга алга. Нийгэмд гамшигаас ч хүнд там буй болоод байхад зохицуулахчихаж чадахгүй Засгийн газар нээрээ арай ч дээ. Дуртай үедээ гурван зуугаар нэмэгдээд байгаа үнийг хориглочихож чаддаггүй Эрдэс баялаг эрчим хүчний яам байгаад ч яах юм. Нийгмийн давхаргад хүргэх мөнгөө зөв цагт, зөв замаар өгчихгүй Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам санаачлагагүй юм аа. Монгол мөнгөө цаас болгоод ногоон мөнгийг од болгоод байгаа Сангийн яам бидэнд ямар хэрэгтэй гэж. Яамдуудаа ажлыг нь хийлгэж чадахгүй байгаа ийм Засгийн газраар ч яах юм. Хамтран зүтгэж ирчихээд салж сарниад ард иргэдээ цаана нь хохирч байгааг мэдэхгүй улс төрийн намуудаар бүр ч яахын бэ...


No comments:

Post a Comment