2012-01-06

Ардчилсан намын гэнэтийн мэдэгдэлд Ардын нам хvчтэйхэн дөрөөллөө


-Улстөрийн ээлжит шоу тоглолт-

            Сонгууль гэж нээрээ хүчтэй юм аа. Улс төрийн ямар ч намыг дуртай зүг рүү нь хазайлгаж, хадууруулж урвуулж чадах юм гээч. Өнгөрсөн 2008 оны сонгуулиас хойшхи гурав гаруй жилийн хугацаанд намууд задрах нь задарч, нэгдэн нийлэх нь эвсэж байсан ч энэ удаагийнх шиг сүрийг харуулж чадаагүй. Гэтэл ганц Ардчилсан намын Засгийн газраас гарна гэсэн өчигдрийн мэдэгдэлээс болж төр тэр чигээрээ, бусад улс төрийн намууд ч бултаараа хөдөлгөөнд орж, амьсгал нь хурдасчээ. Зүрх нь дэлссэн нөхдүүд зөрүүлээд Ардчилсан намын мэдэгдэл дээр нь ашиглан рейтингийг нь унагахаар улайрч байх шиг. Хэвлэлүүд ч дээрхи мэдэгдлийнх нь хүрээнд бараг л нам нэртэй бүгдээс нь л байр суурийг нь сонсч, зарим нэг нам нь бүр төлбөртэй яриа өгч, Ардчилсан намын эсрэг байр сууриа илэрхийлж, үүн дээр нь дөрөөлөөд үгээ хэлэх боломж олдох шиг боллоо.

Ер нь ч АН-ын дарга Алтанхуяг өөрөө ч сонгуулийн өмнөх чухал шийдвэрээ гаргаж байна ухааны юм ярьчихсан. Одоо амь амиа бодьё, мөр мөрөө хөөе гэх үгийг Ардын намын зүг хийсгэчихсэн. Сонгууль дөхөж байгаа энэ үед намууд хийсэн бүтээснээрээ ялгарч байх ёстой юм байх аа. Ер нь бол дээрх шийдвэрийг Алтанхуяг дангаараа гаргаж чадахгүй нь хэнд ч тодорхой. Засгийн газрынхаа Тэргүүн шадар сайд хүн ганцаараа тэнэгтэнэ гэж үү. Харин түүний ийн гэнэтийн шийдвэрийг гаргах болсон нь нам доторх олон фракцуудын удаа дараагийн тулган шаардалтаас үүдэлтэй байж болох. Ардчилсан намын дотроо олон бүлгүүдтэйн гай нь энэ л дээ. Одоо тэд ҮЗХ-оо хуралдуулна. Хурлаараа Засгийн газраас гарах уу, үгүй юу гэдгээ шийдэх биз.

Харин үүнээс илүүтэйгээр намын даргын байр суурийг зарим хүмүүс ганхаж мэднэ гэж мэр сэр бор шувуу хийсгэх болжээ. Мэдээжийн хэрэг ҮЗХ-ны хурлаар намын дарга өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ, ямар ажил амжилтыг олсон юм бэ гэдгээ ҮЗХ-ны гишүүддээ тайлагнана. Тайлагнах ч яахав, амархан биз. Харин тайланг нь сонсохгүйгээр дараагийн асуудлаа шийдэхээр яаравчилж  байгаа ҮЗХ-ны гишүүдэд түүний тайлан чухал биш шууд л саналаа хураахдаа яарах нь ойлгомжтой. Тэгэхээр ҮЗХ-оор Засгийн газраас огцрох уу үгүй юу, намын даргаа солих уу үгүй юу гэдэг хоёр асуудал яригдаж болзошгүй нь.

Тэгвэл намын даргад хэн горилох бол. Нэр хүндээрээ баатар Э.Бат-үүл үү, гайгүй хэдэн фракцуудыг атгандаа оруулаад байгаа Х.Баттулга сайд уу, үгүй бол залуу улстөрчдийн төлөөлөл Лу.Гантөмөр үү. Намын даргын суудал ганхадгаараа ганхаж солигдвол нарийн бичгийн даргаа солих талаар яриа мөн л өрнөх нь ойлгомжтой. Ер нь бол шинээр томилох уу үргэлжлүүлэн залах уу гэдгээ ҮЗХ шийднэ.

Ардчилсан намын энэ сенсаацитай хөдөлгөөн маш эрсдэлтэй. Тэд ирэх сонгуулиар нэг бол 2008 оны сонгуулиасаа хэт доогуур суудал авна, үгүй бол эргэлт хийсэн нь амжилтанд хүрч ирээдүйн Засгийн эрхэнд ч гарч болох юм. Гэхдээ өчигдрийн Ардчилсан намын гаргасан улстөрийн шийдвэр бол манай улсад төдийлөн хөгжлөө олоогүй үзэгдэл гэж хэлж болно. Томоохон улс оронд бол сенсаацитай цочроохоор мэдэгдэл гаргаж, намынхаа нэрийг хаа сайгүй эхний ээлжинд таниулж, дуулгаж, ийм нам байгаа шүү гэдгээ ард түмэндээ эргэн сануулдаг. Энэ бол ямар ч улс төрийн намуудын хийдэг л үйлдэл. Ингэхийн тулд хүчтэй басхүү сенсаацитай мэдээллээр хүмүүсийн анхаарлыг татах нь дамжиггүй. Дараагаар нь энэ шийдвэрээ маш зөвөөр гаргаж ирж, ард түмэнд тайлбарлаж ойлгуулж чадвал маш үр дүнтэй арга гэх юм уу даа. Дэлхийн зарим улс оронд энэ төрлийн PR явагддаг. Хамгийн эрсдэлтэй PR-уудын нэг гэх юм уу даа. Өчигдрийн хувьд бол Ардчилсан нам хангалттайгаар хүмүүсийн анхаарлыг татаж чадлаа. Хүмүүсийн төдийгүй улс төрчдийн анхаарлыг маш хүчтэйгээр татлаа. Бүр намын гишүүд нь өөрсдөө удирдлагуудынхаа энэ мэдэгдлийнх нь талаар ямар ч мэдээлэлгүй байсан нь асуудлыг илүү ч дөвийлгөсөн гэхэд болно.

Ардчилсан намын тухайд гэвэл Засагт гараад Ардын намтай хамтраад олон зүйл хийсэн нь яахын аргагүй үнэн. Үүнийг нь ч Ардын нам хүлээн зөвшөөрөх байх. Харин цаашид хийх юм Ардчилсан намд үнэхээр үлдээгүй юу. Дангаараа панзлах нь дээр гэж бодоо юу. Гэхдээ тэд Засгийн хийсэн ажлыг хуваалцсан нэр зүүх эрхтэй. Харин Засгаас гарсныхаа дараа цаашид Ардын намын Засагт байхдаа хийсэн ажил үйлст саад болохгүй байж чадах болов уу. Үгүй бол хийсэн зүйлийг нь үгүйсгээд ‘’Манай Ардчилсан нам байсан бол’’ гэж ирээд л үлдсэн зургаан сарын хугацаанд бахирах болов уу. Сонин л юм болно доо.

Мэдээжийн хэрэг Ардчилсан намын улс төрийн энэ PR-ийг ойлгосон Засгийн газрын тэргүүн болоод Монгол Ардын намын дарга С.Батболд хариу цохилт өгөх гэж хичээсэн. Хатуухан үг хэлж, рейтэнгээ өсгөх гээд байгаа Ардчилсан намын гал руу ус хийхээр бараг л хэвлэл мэдээллийнхнийг бүгдийг нь цуглуулж байгаад хариу үгээ хэлсэн. Өчигдөр болон өнөөдөр Ерөнхий сайд болоод Ардын намын даргын үгийг бараг гаргаагүй телевиз, нийтлээгүй сонин үгүй биз. Тэрээр хэлэхдээ Ардчилсан нам зөвхөн сонгуульдаа бэлтгэхийн тулд улс орны эрх ашгийг уландаа гишгэлээ, маш увиагүй үйлдэл гаргалаа, ханилж яваад нөхрөө ... гэж ирээд л гомдлын бөгөөд далдуур хутгалсан үгийг хаяглаж байв. Намын бусад нөхөд нь ч хүртэл Намын даргаасаа заавар авсан юм шиг нэг утгатай үгийг хэвлэл мэдээллийнхэнд өгсөн байна билээ. Тохироо нь бүрдчихсэн гэдэг шиг төлөвлөгөөний дагуу улстөр сонгуулийнхаа төлөвлөгөөнд яваад байгаа юм биш үү цаана чинь. Ардчилсан намын амжилт олох гэсэн энэ санааг Ардын нам ашиглаж өөрсдөө амжилт олох гээд хоёр нам хоёулаа улстөрийн их сунгаандаа сойгдчихсон байгаа бус уу. Шоуны үзэгчид нь харин та бид. Тэд бол төлөвлөгөөнийхөө дагуу л явж байгаа. Харин бидэнд төлөвлөгдөөгүй зүйл гарч ирж байна. Чухам хэнийх нь, аль намынх нь улстөрийн тоглолт амжилт олох бол...

Улс төрөө гэж ...



No comments:

Post a Comment