2012-11-28

Эмээ, хүү нь одоо алзахгүй ээ...

-Өрөмтэй талх...

Эмээгийн хоовон нь босоорой. Цай ундаа уу. Өрөмтэй талхыг нь эмээ нь бэлдчихлээ гэж хэлэхэд нь орноосоо суга үсрээд л босох гуравхан настай сахилгагүй хүү нь өнөөдөр 25 хүрчээ. Эмээгийн маань тэр өрөмтэй талх миний амьдралын хамгийн сайхан амттан. Үнэхээр салахын аргагүй гээч. Цадна гэж лав байдаггүйсэн. Бодвол сэтгэл маань цаддаггүй л байсан байх. Одоо ингээд бодох нь ээ таныхаа энгэрт наалдаж, дээлний тань үнэрт дасал болсон тэр хүүхэд нас минь яг л өчигдөрхөн болоод өнгөрчихсөн юм шиг тод санагдах юм.
Эмээ бид хоёр гурван үнээтэй байлаа. Бид хоёр ч гэж дээ, эмээгийнх маань гурван үнээтэй. Гурвуулаа бор хүрэн. Тэр гурван бор хүрэн үнээ гурвуулаа миний хамгийн сайн найз. Дээр нь бас хоёр тугал. Ямар хөөрхөн гээч. Ээж ааваасаа илүүтэйгээр эдгээр үнээ тугалнуудтай өсөж том болсон хүн дээ би.
Ээж маань бүр бага байхад минь, ой гарантай л байсан байх Чех гэдэг улс руу явчихсан юм. Харин аав ажил ихтэй болохоор бүр орой л ирнэ. Ямар юмных нь нялх намайг асарч чадах билээ дээ, ажлаа яая гэж байгаа хүн. Ингээд л би эмээтэйгээ амьдрахаар болж, эмээ намайг өсгөсөн юм даа. Бага байхдаа ч эмээгийнхээ үйл тамыг ч нэг сайн идсэн юм шиг байна лээ дээ би гэж хүн. Уйланхай бас дээр нь их иддэг болохоор байсхийгээд л эмээ маань даавуу бид хоёрыг цэвэрлэх ажил гарна. Дээр нь намайг аргадна. Үгүй бол уйлаад л байна шүү дээ. Уйланхай гэж жигтэйхэн. Бодвол ээж маань бүр нялхаас минь харийн оронд амьдралынхаа төлөө ажил хийхээр явсан болохоор эхийн сүү, халамж үгүйлэгдсэн болоод л их уйлдаг байсан байх даа. Удахгүй хөлд орж дайсны цэрэг болж, эмээгийн уур, арга хоёрыг зэрэг барж эхлэх нь тэр ээ. Аяга мөн ч олныг хагалсандаа. Ширээн дээрээс татах бол энүүхэнд. Арай хийн үнээгээ саагаад, оруулж ирээд тавьсан наймын хувинтай сүүн дотор нь боорцог, талх, хог шороо гээд элдвийн юмыг хийчихнэ. Хэн хийсэн гэж асуувал мэдэхгүй гээд л гүрийнэ. Надаас өөр хэн байх вэ дээ. Ямар эмээ бид хоёроос өөр хүн байгаа биш. Нэг хоёр удаадаа эмээ дуугүй өнгөрөөнө. Удахгүй үйлдэл дээр нь барих гэж наймын хувинтай сүүгээ албаар гэрт оруулж тавиад өөрөө алсаас нууцхан харж суугаад баригдахаар нь очиж гарын минь алгыг дээш нь харуулаад суран бүсээр ороолгодог байснаа эмээ хожим нь хуучилж билээ.

Тэр суран ташуурыг би юм л болбол аваад нуучихна. Эмээ надаас хаана хийчихсэн бэ гэж асууна. Яалаа гэж зааж өгөх вэ дээ. Дараа нь буруу юм хийвэл ташуурдуулна гээд урьдчилаад нуучихсан юм чинь. Энэ үед эгч нар бас надтай хааяа хамт эмээгийнд байдаг байлаа. Миний төрсөн эгч, бас ээжийн ахынх нь хүүхэд гээд аниагийн үеийн нэг эгч хамт байдаг болов. Эмээ намайг хоёр эгчээс өмөөрнө гэж жигтэйхэн. Тэр хоёр ч сахилгагүй гэж аймар. Надаас лав олон удаа суран бүсдүүлсэн байх. Тэгээд болоогүй өөрсдийнхөө хийсэн буруу үйлдлээ хөөрхий юм ч гүйцэт ойлгохгүй надруу бухаж байгаад эмээд бүр ч сайн ташуурдуулна даа. Энэ муу жаахан юм юугаа мэддэг юм та хоёрын буруу гээд л хоёр эгчийг суран бүсээ бариад л элдэж гарна даа. Аргаа бараад хоёр эгч сүүлд суран бүсийг нь нуудаг болсон. Гэвч эмээ яаж хийгээд л өөр суран бүс гаргаж ирээд л хоёр эгчийг хашраачихдаг байж билээ. За энэ ч яахав.

Эмээ бид хоёрын өдөр бүрийн амьдрал ер нь нэг хэвийн л гэлтэй. Өглөө хоёулаа маш эрт босно. Босоод эхлээд өөрсдөө цай ундаа уучихаад дараагаар нь хэдэн үнээ тугалнуудаа хооллоно. Энэ миний хамгийн хийх дуртай ажил байж билээ. Өглөө эрт өрөмтэй талхаа гартаа бариастай чигээрээ малын саравч руугаа гүйж хэдэн үнээ, тугалнууддаа өвсийг нь өгч хооллоно. Заримдаа барьж явсан талхаа газарт унагаад эмээд аашлуулна. Хааяа тэр муу том бор халзан үнээ гарнаас минь булаагаад идчихдэг байсныг яана. Уйлаад л эмээ дээрээ ороод дахиад нэг өрөмтэй талх аваад гараад нөгөө хэдэн үнээнүүддээ гайхуулж гарна даа. /Бодвол ойлголцдог л байсан юм байлгүй/

-Дахиад сүүгээ асгахгүй ээ...

Сахилгагүй ч дэндэж эхэллээ дээ. Ёстой нөгөө Дайсны цэрэг гэгч нь би боллоо. Эмээ бид хоёр сүүгээр тасрахгүй ээ. Өглөө бүр гурван үнээгээ сааж шинэхэн сүүгээр сайхан сүүтэй гэгч нь цай чанаж ууна. Эмээ маань цайг сүүтэй бас аагтай уух их дуртай. Манай гурван үнээний сүү гэж янзын өтгөн. Хэдий наймын хувин нь дүүрэхгүй ч, талаасаа илүү л гарсан бол эмээ бид хоёр өнөөдрийнхөө цайтай, маргаашийнхаа өрөмтэйгээ л гэсэн үг. Би гэж бас бүтэлгүй юм наймын хувинтай сүүг нь би би би... гэж зөрүүдэлж эмээгээсээ булааж авч өргөх гэж байгаад хааяа асгачихна. Энэ үедээ бол эмээд нэг сайн суран бүсдүүлнэ дээ. Бөгс улайж гарын алга хорстол сурдуулна. Хашрахгүй ээ, дараа нь сүүгий нь нууцаар аваад гэрт өргөж оруулах гэж байгаад дахиад л асгачихна. Яахав дээ эмээдээ туслах гэсэн миний чадал хүрэхгүй сэтгэл л байхгүй юу. Сүүгээ асгачихвал тэр өдөр цайгүй, маргааш нь өрөмгүй болох үе ч байсан. Жаахан ч бай, их ч бай намайг сүү асгачихаар л эмээ ‘’Тосоор гойж оо’’ гэж ирээд л хуруугаа асгарсан сүүнд дүрж, духандаа хүргэдэгсэн. Бас болоогүй ээ би гэж хүн эмээг хашаан дотроо хэдэн үнээнүүдтэйгээ ноцолдож байх зуур хөргөгчинд байгаа сүүнээс нь хулгайгаар уучихна. Заримдаа хорхой хүрээд хэтэрхий ихийг уугаад азаартахаар болгочингуутаа дээр нь ус хийгээд аривличихдаг. Эмээ эхэндээ гайхаад л яагаад сүү маань шингэрээд, нэг л сайн сүлэгдэхгүй, цай сайхан болохгүй байна аа гээд л амандаа бувтнаад л байдаг байв. Удахгүй миний муу аргыг мэдчихгүй яахав. Цагаан сүүн дээр хар ус холилоо гээд намайг чинь загнаад өрөмтэй талх өгөхгүй гэж шийтгэдэг байгаа. Хамгийн дуртай юмнаасаа салж хагацаж, хоосон талх үмхэн урамгүйхан алхах надад тэр хэдхэн өдөр хэдэн сар жил шиг л урт байсансан.

Заримдаа гурван үнээнээс маань арвин сүү гарч наймын хувин мялхаад л ирнэ. Илүү ч гарах үе байлаа. Тэр үед нь эмээ өөрийн долоон хүүхдүүддээ илүүчилж, надаар хүргүүлнэ. Энэ үед бол яах вэ бас ганц хоёр литр сүү ах эгчийндээ хүргээд өгчих тэнхэлтэй л байсан үе. Бас эмээгийн гудамжны хүмүүс манайхаас сүү авах их дуртай. Өдөр бүр л хаалга нүдэж сүү байна уу, сүү авья гэж хашгирна. Хааяа эмээ сүү ихтэй үедээ зарж л орхидог байж билээ. Харин бага байвал гонж шүү дээ.

-Бага байхын л би эмээгийн хүү байсан, одоо ч би эмээгийн хүү хэвээрээ л байгаа...

Дөрөв гаруй жил эмээгийнхээ дээлийн хормойноос нь зүүгдэж өссөн надад нэг л өдөр шал өөр амьдрал ирж байгаа юм шиг л Ээж маань ирж билээ. ‘’Ээждээ хүрээд ир’’ гэж хэлэх танихгүй гэж бодсон хүний үгнээс дөлсөн би эмээгийнхээ араар нуугдаж бишүүрхэнгүйхэн зогсож байснаа одоо хэр нь тодоос тод санадаг юм. Алс оронд олон жил нялх үрээсээ хол байж байгаад ирсэн ээж нь хүүгээ тамтаггүй их санаа л байх. Гэвч би нялх байхаасаа л эхлээд ээжээсээ хол өссөн болохоор эмээгээсээ холдож чадахгүй л байлаа.

Эмээ маань намайг ээж дээрээ оч гэж хэлээд хүчээр шахуу ээж аав хоёрт өгөөгүй бол би бараг очихгүй байсан ч юм бил үү. Бишүүрхсэн би Эмээ, Эмээ... гэж уйлсаар ээж аавтайгаа явж байснаа бодохоор одоо ч хамаагүй эмээ дээрээ буцаад гүйгээд оччихмоор санагддаг юм. Гэхдээ тэр үед хэдий ээж ааваа дагаад явсан ч эмээгийнхээсээ салдаггүй байж билээ. Юм л болбол хажууханд байгаа эмээгийнх рүүгээ гүйгээд явчихна. Байсхийгээд л алга болчихно, ээж аав хайгаад л эмээгийнд орж ирээд намайг аваад гарна. Заримдаа эмээгийн орон доогуур, ширээн доогуур ороод ч болов багахан хугацаанд эмээгийндээ байна. Эмээгийнд орох болгонд л эмээ надад амттай шимттэй гэсэн бүхнээ өгдөг байсансан.

Энэ бүх дурсамж бүгд ард хоцорч би гэж хүн том эр болдог юм байна. Гэвч эмээдээ тусалдаг сайн хүү хэвээрээ л. Эмээ ч өөрөө намайг дуудаж ‘’миний хүү эмээдээ ус аваад өгөөрэй, эмээдээ тийм юм хийгээд өгөөрэй’’ гээд л дуудна. Эмээдээ туслах нь надад хамгаас илүү сайхан. Хийх юм байвал хийгээд л, идэх юм байвал идчихээд эргээд л гэрлүүгээ харайлгадаг. Эмээгийндээ очих гэж байгаа надад бол хол байх том асуудал биш ээ. Гэвч энэ үед эмээ маань нас нь ахиж, ойр зуурын дөхөөрдөг байсан ажлуудаа ч барахаа байсан юм. Үнээгээ ч саах тэнхэлгүй болж, бие нь аажим аажмаар муудсаар хорвоогийн нар жаргадаг шиг эмээ маань нэг л өдөр намайг орхин одсон. Гэхдээ нар маргааш нь манддаг. Эмээ маань ч миний зүрхэнд эргээд мандсан юм. Бүр үүрд мандсан гээч. Өнөөдөр эмээгийн маань бурхан болсоны 49 хоног нь болж байна. Энэ хугацаанд өдөр бүр би алгасалгүй зул өргөж, эмээгээ хардаг, бас ярьдаг. Миний эмээдээ өргөсөн Зул асахдаа нэг л сайхан. Надтай яриад ч байгаа юм шиг намуухан хэрнээ бадамлан асдаг. Одоо энгээд эргээд бодох нь ээ, эмээтэйгээ байхдаа эдэлсэн бүх аз жаргал минь, дурсамж минь миний амьдралын багш болж явдаг юм. Би бүх л зүйлээ эмээгээсээ сурсан гэж боддог. Миний өдий зэрэгтэй яваа маань ч эмээгийн минь намайг өсгөж хүмүүжүүлсэн сүмбэр уул шиг сэтгэл, сүүн далай шиг хайраас үүдэлтэй гэж би итгэдэг.

Яг одоо энэ мөчид би эмээдээ нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Намайг том болж, насанд хүрсэн цагаас л эмээ надад хандан ‘’амьдрал гэдэг хатуу шүү, хүүхэд шиг биш хүн шиг амьдар, хүлээж биш түрүүлж амьдар’’ гэж сургадаг байсан юм. Тийм ээ хүү нь хүн шиг амьдарна аа. Та санаж байна уу эмээ... Бор халзан үнээгээ саахдаа суудаг байсан цэнхэр модон сандал, өөрөөсөө том наймын хувин бариад тандаа аваачиж өгөх замдаа хэд хэд бүдрээд уначихдаг байсныг. Одоо харин хүү нь амьдралынхаа замд хөл алдахгүй ээ эмээ. Таныхаа захиж сургаж байсан бүхнийг энэ амьдралынхаа туршид, үр хүүхэддээ, үе удамдаа сахин уламжлуулах болно оо. Эмээ хүү нь тандаа хайртай шүү.

Тандаа сөгдөн мөргөмү...

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Бид адилхан юмаа. Юугаараа гээч сайхан эмээтэй байснаараа. Бас үүрд сэтгэлд тодхон байж өмнөх замыг маань гэрэлтэй болгож өгдөг тийм их хайрыг дааж явах азтай хүмүүс юм:)

    ReplyDelete