2011-01-13

Ж.Батзандан: Амархан ажил хийхийг би ерөөсөө хүсдэггүй


Хэдхэн хоногийн өмнө Эрх баригчдыг шүүх уриатай иргэдийн их хурлыг зохион байгуулж, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн “Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Батзандантай уулзаж ярилцлаа.
-Саяхан болж өнгөрсөн Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хурлаас эрх баригчдад хүргүүлсэн шаардлагынхаа талаар товчхон ярихгүй юу?
-УИХ болон ЗГ-т нийтдээ зургаан зүйл шаардлагыг хүргүүлсэн. Шаардлагыг томьёолохдоо иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хуралд оролцсон иргэдийн санал хүсэлтийг сонсож, томьёолсон. Энэ удаагийн шаардлагууд гол төлөв улс төрийн хариуцлага руу чиглэсэн байгаа. Төр засгаас гарч байгаа зарим нэг буруу шийдвэрийг засаж, залруулахад хандсан байгаа юм. Жишээ нь хүүхдийн мөнгийг буцаан  олгох асуудал, УИХ-ын гишүүдийн 76 тэрбум төгрөгийг буцаах тухай гэх мэт улс төрийн хариуцлага, улс төрчдийн зөвхөн амин хувиа бодож гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох чиглэлд тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн. Мөн шүүх засаглалд нүүрлээд байгаа хариуцлагагүй байдлыг засч, халж солих, Улсын Ерөнхий прокурортой хариуцлага тооцох асуудлыг ч бас тусгаж өгсөн. Энэ бол иргэдийн хүсэл зориг дээр тулгуурласан гэдгийг хэлмээр байна.
-Дээрх хүргүүлсэн шаардлагууд биеллээ олох болов уу?
-Иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа тасралтгүй байдаг, байх ч ёстой. Иргэний хяналт, иргэдийн шахалт шаардлага бол ардчилсан нийгмийн салшгүй нэг хэсэг. Ардчилсан нийгэм бол өөрөө амьд нийгэм юм. Иргэний нийгэмгүй ардчилал, иргэний оролцоогүй ардчилал, иргэд нь төр засагтаа шаардлага тавьдаггүй ардчилал гэж байдаггүй. Тэхээр улс төрийн хариуцлагын асуудлыг иргэний хөдөлгөөнүүд энэ хавар анхааралдаа авч, Монголын улс төрд хариуцлагын тогтолцоог бий болгохын төлөө тууштай ажиллана. Иргэний нийгмийн зүгээс тавьсан шаардлагуудын тодорхой хувь нь биеллээ олно гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа.
-Иргэний хөдөлгөөнүүдийг зүгээс Оюутолгойн асуудлыг ихэд хөнддөг. Гэтэл өнгөрсөн их хурлаар уг асуудлын талаар эрх баригчдад яагаад хандсангүй вэ?
-Оюутолгой асуудлыг ашигт малтмалаар дагнасан иргэний хөдөлгөөнүүд, иргэний нийгмийн байгууллагууд тавьж байгаа. Одоо ч энэ чиглэлээр манай иргэний хөдөлгөөнүүд, иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн үйл ажиллагаа явуулж байна. Оюутолгойн гэрээг улам боловсронгуй болгох чиглэлд ажиллаж байгаа.
-Эрх баригчдад хүргүүлсэн шаардлагын хариу биеллээ олохгүй бол цаашдаа иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс яах вэ?
-Дөрөвдүгээр сарын 19-нд бид шаардлагынхаа хариуг авах ёстой. Үүний дараа иргэний хөдөлгөөнүүд цаашид яахаа шийдвэрлэнэ.
-Шаардлага дотор намын зарим нэг нөхдөө огцруулах талаар тусгасан байсан.
-Намын гишүүн гэдэг бол намынхаа алдаа дутагдлыг нууна гэсэн үг биш. Манай намд алдаа дутагдал байгаа бол ил тод шүүмлэх эрхтэй. Намаа эрүүлжүүлэх, намынхаа бодлогыг шинэчлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэж бодож байгаа.
-Сүүлийн үед ардчилсан намд дотоод хагарал болж, намын дотоод бүлгүүд удирдах байгууллага /ҮЗХ/ руу хүчээ хандуулах боллоо хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Энэ талаар юу гэх вэ?
-Ардчилсан нам бол том нам юм. Жил болгон дотоод удирдах байгууллагынхаа сонгууль болдог. Ротацийн сонгууль гэж болдог. Аль ч улс оронд, аль ч ардчилсан улсын намд ийм тогтолцоо байдаг. Энэ нь ардчилсан намыг хагараад бутраад байна гэсэн үг биш. Дотоод сонгууль бол намыг эрүүлжүүлдэг хамгийн чухал зүйл юм.
-Тэхээр энэ нь зөв зүйтэй үзэгдэл гэсэн үг үү?
-Ер нь аливаа улс төрийн намд фракц гэж байдаг. МАХН-ыг харахад Энхбаярын, Баярын, Энхболдын фракц гээд л байдаг шүү дээ. Мөн хотын фракц гээд л. Ардчилсан намын фракцууд гэвэл Алтангадас, Ардчилсан хүчний холбоо гэх мэт тодорхой фракцууд байдаг. Энэ нь зөв юм. Улс төрийн намууд угаасаа фракцууд дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл ардчиллын нэг давуу тал нь олон ургалч үзэл байдаг. Олон ургалч үзлээс зөв шийдэл гардаг.
-О.Магнай та хоёр яагаад ардчилсан намд элссэн юм бэ?
-Монголд ардчилсан хүчнүүдийг нэгтгэн, ардчилсан нам, хүчнүүд  бүгд нэгдэх ёстой гэдэг байр суурийг баримтлах болсон. 2008 оны долдугаар сарын 01-нээс хойш.
Коммунизмийг халах, солих, ардчиллыг төгөлдөржүүлэх, бэхжүүлэх асуудал бол ардчилсан хүчнүүдийн нягт хамтын ажиллагаатай холбоотой юм. Нэг зорилготой хэрнээ тус тусдаа байж болохгүй. Нэг зорилгын төлөө нэгдмэл хүчээр явах ёстой гэдгийг долдугаар сарын 1-н Монголчуудад, монголын улс төрчдөд хангалттай харуулсан. Ийм учраас уг үйл явдлын дараа иргэний хөдөлгөөнүүд ардчилсан намтай, ардчилсан хүчнүүдтэй нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн.  Энэ ч үүднээс бид ардчилсан намд гишүүнээр элсэн орсон. Удахгүй “Иргэний зориг нам”, “Иргэний хөдөлгөөний нам” гэх мэт улс төрийн хүчнүүд ардчилсан намтай, ардчилсан хүчнүүдтэй хамтарч ажиллахаа албан ёсоор зарлаад байгаа.
-Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хурал дээр иргэдийн санал хүсэлтээс О.Магнай та хоёрыг шүүмжлэх хүн гарч ирж байсан. Хуралд оролцсон иргэдийн санал бодлыг  хэрхэн дүгнэж байна вэ?
-Олон хүн санал бодлоо хэлсэн. Хүн болгоны санаа бодлыг сонсох ёстой. Гэхдээ хүн бүрийн хэлж байгаа үг үнэн гэсэн үг биш. Иргэний хөдөлгөөнүүдийн нэгсэн их хурал дээр иргэд чөлөөтэй үгээ хэлсэн. Зөв буруу саналууд байсан. Бид зөвийг нь авч бурууг нь хаях хэрэгтэй.
-Хурлын үеэр та хоёрыг “ардчилсан намын гишүүн болчихсон байж, эрх баригчдыг шүүх гэлээ” хэмээн ШИФ-ын тэргүүн Г.Арслангийн хэлсэн үгийн талаар?
-Арслан гэдэг хүн юу ч ярьж болно. Үүнд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй байх.
- Цаашид Ардчилсан намаас татгалзах бодол бий юу?
-Би ардчилсан намын гишүүн. Ардчилсан намын гишүүний хувьд хүлээсэн үүрэг, эрх байгаа. Энэ дагуу эрхээ ч эдэлнэ, үүргээ ч хүлээнэ.
-Иргэний хөдөлгөөнүүдийг хавар болохоор л гарч ирдэг. Тэгснээ эргээд алга болчихдог гэх мэт шүүмжлэл хэлбэртэй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Энэ талаар?
-Шүүмжлэл бол ардчилсан нийгэмд байнга байх ёстой. Иргэний хөдөлгөөнүүдийг тойрсон олон арван шүүмжлэл байдаг. Бид шүүмжлэлийг аль болох бүтээлч сэтгэлгээгээр хүлээж авдаг. Зарим нэг нь иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг ард түмэнд буруу ойлгуулах гэсэн улс төрийн шинжтэй шүүмжлэл бий. Шүүмжлэл болгон байгаа ондоггүй. Иргэний хөдөлгөөнүүд зургаан жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэний нийгмийн байгууллагууд ардчиллын салшгүй хэсэг байдаг. Иргэний нийгэмгүй, хөдөлгөөнгүй ардчилал гэж байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Иргэний хөдөлгөөнүүд өдийг хүртэлх хугацаанд цуглаж, жагсаж, хуралдсаар ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд та бүхний үр дүн юу байна вэ?
-Маш олон үр дүнгүүдийн тухай ярьж болно. Наад зах нь гэхэд зургаан жилийн өмнө иргэний хөдөлгөөнүүд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах шаардлага хүргүүлж, Монголчуудад оногддог байсан хоёрхон хувийг бид 51 хувь болгож чадсан. Мөн авлигалын асуудлыг дурьдаж болно. Авлигалын эсрэг хуулийг бид өөрчилсөн. Жагсаал цуглааны журмын тухай хуулийг өөрчилж чадсан. Төр засгийн олон буруу шийдвэрийг бид өөрчилж чадсан юм.
Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг ч бид хүчтэй тавьж байсны үр дүнд олон асуудал нь шийдэгдсэн. Өнөөдөр 300 гаруй иргэний хөдөлгөөнүүд үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж тодорхой амжилтууд гарч байгаа. Болж бүтэхгүй зүйл, хүндрэл бэрхшээлүүд ч бий.
-Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл магадгүй урт удаан хугацаанд үргэлжилнэ гэж хэлж байсан. Хэдий хэрийн хугацаанд үргэлжлэх бол?
-Иргэний хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагуудын хөдөлгөөн тасралтгүй гэдгийг би хэлсэн. Нийгмийг эрүүлжүүлэхийн төлөөх тэмцэл амархан ажил биш. Олон арван жил болно. Амархан ажил хийхийг би ерөөсөө хүсдэггүй. Ер нь улс төрчийн ажил бол асар их хүч хөдөлмөр зарцуулдаг хүнд ажил юм.
-Таниас хоёр асуултанд хариу авах гэсэн юм. Иргэдэд амласан Эх орны хишиг, Эрднийн хувийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Амласан бол өгөх хэрэгтэй. Амлалтаа биелүүлж чадахгүй бол огцрох ёстой. Энэ бол ардчиллын зарчим. Өнөөдөр парламентад хамгийн олон суудалтай нь МАХН. 45 суудалтай. Амлалтаа биелүүлэх үүрэгтэй. Амлалтаа биелүүлж чадахгүй бол сайн дураараа огцрох, эсвэл ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гэсэн хоёр зам МАХН-д байгаа.
-Одоогийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа товчхон хэлэхэд таны бодлоор?
-Монгол улсад засаглалын хямрал нүүрлээд байна. Сөрөг хүчин алга. Засаглалд хяналт алга байна. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн хямрал гүн гүнзгий нүүрлэсэн гэж хэлж болно. Ийм ч учраас иргэний нийгмийн байгууллагуудаас хяналт тавьдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ хэвээр явах юм бол төр засгаас гарч байгаа шийдвэр ард түмний эсрэг чиглэх болно. Харин бидний зорилго бол шийдвэр бүр ард түмний эрх ашгийн төлөө байгаасай гэж хүсдэг.

No comments:

Post a Comment