УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо тэрбум төгрөг батлуулчихаад нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залцгаажээ. Зарим нэг нь нутагтаа энэ их мөнгөөрөө юу хийх вэ? гэсэн санал асуулга хүртэл явуулж байгаа аж. Анх 10 сая төгрөгийг гишүүд тойрогтоо батлуулж авч байсан нь өдгөө нэг тэрбум болтлоо өссөнийг шүүмжлэх хүн олон.
Харин 76 тэрбум төгрөгөө батлуулж чадсан гишүүд аль хэдийнээ тойрогтоо очин зарцуулаад эхэлчихжээ. Эсэргүүцэж байсан гишүүд нэгэнт л батлуулчихсанаас хойш зарцуулахгүй гээд ч яах билээ дээ. УИХ-ын чуулган завсарлав уу, үгүй юу нутаг нутагтаа очсон гишүүд зарим нь хэдэн арваар нь бүр хэдэн зуун саяар нь хүртэл нутгийн малчиддаа тарааж өгсөн сурагтай.
Үүний гол шалтгаан нь зудтай холбоотой ч гэх нэгэн байна. Хэдэн зуутаараа малаа алдсан малчиддаа сэтгэлийн дэм болгож бэлэн мөнгө тарааж байгаа нь энэ аж.
Гишүүд сайн санасандаа бийлэгжүү загнаад байна уу, араа бодоод дараагийн сонгуулиар сууриа ухаж эхлэв үү?
Цаг эрт байхад өөрөөр хэлбэл тэрбум төгрөг батлагдаагүй байх үед өөрсдийгөө "тэрбум төгрөгтэй ямар ч холбоо сүлбээ байхгүй, бид захиран зарцуулах эрхгүй" хэмээн дуу нэгтэй айлдаж байсан тэдгээр хүмүүс одоо байгаа байдал ийм л байна.
Өнгөрсөн жилүүдэд л лав хэдэн арван, бүр цаашлаад хэдэн зуун саяар нь нутагтаа мөнгө өгч байсныг санахгүй юм. Дээрх тараасан мөнгөө нутагтаа зуд болж байгаатай холбон аятайхан аргалаад тарааж байгаа гишүүдийг дараа дахин зуд болох мөчид тэрбум төгрөг улсаас батлуулахгүйгээр нутгийнхандаа энэ хэмжээгээр туслахыг харах үгүйг хэлж мэдэхгүй юм.
Гишүүд нутагтаа очин, мөнгө тарааж байхад үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх, засвар шинэчлэлт хийх бодолтой нэгэн бас байна аа. Дээрх ажлынхаа хүрээнд гишүүд аль хэдийнээ төсөл боловсруулаад эхэлчихжээ. Зарим нь сонгогдсон нутаг нутгаараа нийлж нэг тэрбумаа 3-4 тэрбум болгосон аж. Бэлэн мөнгө тарааж, ард иргэдийн толгойд хоосон зүйл хийж байхаас магадгүй илүү дээр арга байж болох. УИХ-ын гишүүн, сонгогч түмэндээ туслахад буруу зүйл үгүй ч, хууль дүрмээ сахих хэрэгтэй.
Сангийн сайдын ажилд тусламж хэрэг болоогүй л байлтай. Тусламж хэрэг болсон ч төсвийн мөнгийг гишүүд ганц шөнийн дотор тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр боловсруулчихаад түүнийгээ өөрсдөө захиран зарцуулна гэдэг байж болшгүй зүйл. Ганц шөнийн дотор боловсруулсан төсөл дотор нь ямаа төсөл, хонь төсөл ч гэж байсан. Зарим нэг нь сургууль, цэцэрлэг, байшин барилга засах, шинээр барих, зам тавихаас эхлээд бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулна гэсэн.
Гишүүдийн тойргийнхоо төсөл хөтөлбөртөө тусгасан цөөхөн жишээг таньд сонирхуулахад: Нийслэлээс, бүр тодруулбал Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон дөрвөн гишүүн орчны эрүүл ахуйг сайжруулахад 150 сая төгрөг, Чингэлтэйгээс сонгогдсон гурван гишүүн Биеийн тамирын талбайд Эрээнээс хиймэл зүлэг авчирч дэвсэхэд 200 сая төгрөг гэсэн бол, хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд гэхэд, Өмнөговь аймгийн хоёр гишүүн тойргийнхоо дөрвөн суманд "Ёс заншил, ахмадын өргөө" байгуулахаар 70 сая, Хөвсгөл аймгийн дөрөв маань мал нь ихдэж бэлчээргүй болсон аймгаа малжуулахад 525 сая, Дорнодыы гурав тойргийнхноо компьютертэй болгоход 424 сая, Ховдын дөрөв цагдаагийн тасгийн барилга барихад 60 сая, Увсын гурав угсаатны зүйг судлахад 30-сая, Өвөрхангайн дөрөв чацаргана тарихад 100 сая, Төв аймгийн дөрөв Засаг, даргын тамгын газрынхаа, дээврийг засахад л 10 сая, ганцхан сургуулийн гал тогоог тохижуулахад 30 сая, Говь-Алтай аймгийн хоёр цэцэрлэгт хүүхдийн тоглоом авахад 5.8 саяын санхүүжилт өгөхөөр болсон бол, Баянхонгорын дөрөв сурагчдын хичээлийн хэрэглэлд 30 саяыг зарцуулахаар нэг тэрбум төгрөгийн тайландаа тусгажээ.
Бага ангийн хүүхэд ч зохион бичлэг бичихдээ ноорог цаасан дээр эхлээд хийж байж, дараа нь аав ээждээ үзүүлж шалгуулсныхаа дараагаар болсон гэж үзэхээрээ хичээлийн дэвтэр дээрээ бичдэг. Гэтэл улс орны маань түшээд хичээлийн дэвтэр бүү хэл, ноорог дээр, бичсэн зүйлээ л төсөвт тусгуулж батлуулчихсан нь дэндүү ёс журамгүй, хариуцлагагүй үйлдэл. Нөгөөтэйгүүр тэрбум төгрөгөө авахын төлөө ганц шөнийн дотор үлгэр зохиосон тэдний хүчин чармайлт гэлтэй.
Төсөл, хөтөлбөртөө тааж тоо тавьсан шигээ тааж үрнэ гэгч л болох нь. Батлагдсан "тэрбум төгрөгөө тэнгэр харж тараах нь дээ"...
No comments:
Post a Comment